1980 онд Баяннуур гэдэг засаг захиргааны шинэ нэгж дахин бий болж сум, ТАА-н бүтэцтэйгээр ажиллаж эхэлжээ. Сум, ТАА-н анхны дарга нь Ц.Сүрэн-Ухнаа байв. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 30—ны өдрийн 280 дугаар зарлигаар сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлан өгчээ.
1976 онд гарсан Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор баруун болон зүүн аймгуудад Мал аж ахуйн тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс Шар тал, Бор булан, Эрээн Ухаа, Эм авдаг зэрэг газраас өвс хадлан бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйн тасгийг Баяннуур суманд байгуулжээ.
1979 оны 3 дугаар сард тэжээлийн аж ахуйн тасгийг өргөтгөн бие даасан Баяннуурын тэжээлийн аж ахуй болгож, орон сууц, соёл үйлчилгээний болон трактор, авто машины засварын газар баригдан хүн ам олшрон суурьшиж эхэлжээ.
Баяннуур сум 1.7 мян/ам км нутагтай, сумын төв нь Улаанбаатараас 180 км, Булган аймгаас 180 км зайтай оршдог.